Ёс зүйн дүрэм

2016-07-06

“Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо”-ны ёс зүйн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү дүрмийн зорилго нь Эрчим Хүчний Зураг Төсөл Зохиогчдын Холбоо /цаашид “холбоо” гэх/-ны удирдах гүйцэтгэх албан тушаалтан болон гишүүнчлэл /цаашид “ажилтнууд” гэх/-ийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд оршино.
    1. Ёс зүйн хэм хэмжээ нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журмыг чанд баримтлах шударга ёсны зарчим, албаны соёл хүмүүжлийн төлөвшлийг мөрдөнө.
    1. Энэхүү хэм хэмжээгээр холбооны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаанд ажилтнуудыг хариуцлагатай оролцуулах, тэднийг хөгжүүлэх, тухайн чиглэлээр байгууллагын соёлыг бий болгох, шаардлагатай мэдээлэл зөвлөгөөгөөр удирдах байгууллага болон өөрийн байгууллагыг хангах, дамжуулах чадвартай болоход чиглүүлж ажиллана.
    1. Энэхүү дүрэм нь ажилтнуудын албан үүргээ шударга, үнэн зөв явуулах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ холбооны дүрэм болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, холбооны дүрэмд заасан хориглосон үйлдэл гаргахгүй байх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэр төрийг хамгаалахад чиглэгдэнэ.
    1. Холбооны ажилтан бүр энэхүү дүрэмтэй танилцан мөрдөж ажиллана.

Хоёр. Ёс зүйн зарчим

  • Ажилтны ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмыг баримталж, удирдлага болгоно.
    • шударга ёс – хүлээсэн үүргээ үнэнч, ашиг сонирхлын зөрчилгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, хууль бус, шударга бус явдалтай үл эвлэрэх.
    • хууль дээдлэх – хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаанд хуулийг дээдлэн сахиж, гагцхүү хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гаргах.
    • тэгш байдал – хамт олон, хэрэглэгч, иргэн, байгууллагад хүндэтгэлтэй хандаж, ялгаварлалгүй харьцах.
    • хариуцлага хүлээх – ажил, албан тушаалын хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоомж, энэхүү дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлдээ болон хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх.
    • олон нийтэд үйлчлэх – байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.
    • Нээлттэй ил тод – хувь хүний болон аж ахуйн нэгж, байгууллагын нууцаас бусад мэдээллийг олон нийт, иргэдэд ил тод, нээлттэй байлгах.
    • Удирдах, удирдуулах – удирдлагаас гаргасан хууль, дүрэм, журамд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.
  • Ажилтан нь дээрх зарчмуудыг баримтлан ажиллахаас гадна ажил үүрэг гүйцэтгэхдээ дараах ёс зүйг дагаж хэрэгжүүлнэ.
    • Үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд үнэнч шударгаар гүйцэтгэж, ажилдаа хүндэтгэлтэй хандах.
    • Хууль тогтоомжийг биелүүлж холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах.
    • Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдад ялгавартай хандахгүй байх.
    • Хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүндийг хүндэтгэн харьцах.
    • Албан ажил болон хувийн үйл ажиллагаандаа байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэмлэн хамт олны болон өөрийн албаны нэр хүндийг хуулийн дагуу хамгаалж, хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах.

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ

Холбооны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон гишүүнчлэл нь үйл ажиллагаандаа ёс зүйн дараах хэм хэмжээг мөрдөнө.

  • Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, эрх зүйн акт, холбооны хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журмыг чанд баримтлан, байгууллагаас зохион байгуулах аливаа ажилд идэвхи санаачлагатай оролцоно.  
    • Холбооны дүрэмд заасан үүргээ биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хэрэгжүүлж, биелэлтийг мэдээлнэ.
    • Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана.
    • Ажлынхаа гүйцэтгэл үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээнэ.
    • Ажлын туршлага мэдлэг боловсролоо бусадтай хуваалцан байгууллагын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хамт олны эв нэгдлийг дээдлэнэ.
    • Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдах хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж бусдыг манлайлж ажиллана.
    • Хамтран ажиллагсдынхаа нас, хүйс, албан тушаал, мэдлэг туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харьцах, алдаатай буруу зүйлтэй эвлэрэхгүй байна.
    •  Ажилтан нь байгууллагаас зохион байгуулж буй хурал, зөвлөгөөн, арга хэмжээнд оролцохдоо бусдын яриаг тасалж яриан дундуур орох, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг үл хүндэтгэх зэрэг зохисгүй байдал гаргахгүй байна.
    • Ажил, албан үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, албаны аливаа мэдээллийг байгууллагын удирдлагын зөвшөөрөлтэйгээр нийтэлж мэдээлнэ.
    • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэхдээ аливаа чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана.
    • Аливаа асуудлаар шүүмжлэл, өөрийн санал бодлоо илэрхийлэхдээ бусдын санаа, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, гарсан маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэнэ.

Дөрөв. Ажилтнуудад хориглох зүйл

  • Албан тушаалаа хувийн зорилгод ашиглах, албан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан шан харамж, бэлэг бусдаас авах.
    • Хүнд суртал гаргах, хамт олон, иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэрэглэх, доромжлох.
    • Байгууллагын хөрөнгө мөнгийг хууль бусаар завших, зориулалтын бусаар ашиглах.
    • Ажил, албан тушаалтай холбогдолтой мэдээллийн санг хувийн зорилгоор ашиглах.
    • Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглах.
    • Ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэх, албан өрөөнд тамхи татах, этгээд байдлаар хувцаслах.
    • Байгууллага, хамт олны үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандах, хамт олныг эвдрэлцүүлсэн, бусдыг уруу татсан сөрөг хандлага гаргах.
    • Албан тушаалын давуу тал, боломжийг хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглах.
    • Холбооны нэр хүндийг унагах санаатай болон санамсаргүйгээр худлаа мэдээ, мэдээлэл, буруу ташаа ойлголтыг олон нийтэд түгээх, сурталчлах, тараах, түгээх.
    • Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно.

Тав. Хүлээлгэх ёс зүйн хариуцлага

  • Хөдөлмөрийн тухай хууль болон Холбооны дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон Холбооны дүрэм, Гишүүнчлэлийн журам, энэ дүрмийн 2. 3, 4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
    • Ажилтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль зөрчсөн, албан болон ёс зүйн хэм хэмжээний аливаа зөрчилтэй эвлэршгүй байж, зөрчил гаргасан ажилтанд сануулж, шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.
    •  Ажилтны ёс зүйн зөрчлийн улмаас гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол удирдлагаас дүгнэлт шийдвэр гаргаж холбогдох байгууллагад шилжүүлж, шалгуулах арга хэмжээ авна.
    • Ажилтны ёс зүйн байдалд удирдлагын баг хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах саналаа Удирдлагын багийн хуралд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.